Үр хөндөлт 13.8 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-09-24 16:15:32

 “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр” энэ сарын 26-нд тохионо.

Энэ жил эл өдрийг “Жирэмслэхээс хамгаалах арга хэрэгсэл бол миний дотны анд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэ талаар ЭМСЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/, Мари Стопс олон улсын байгууллага хамтран хэвлэлийн хурал хийлээ.

Дэлхийд жилд 15-16 насны 16 сая орчим охид, эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс болоод амь насаа алддаг. Харин манай оронд 2014 оны байдлаар үр хөндөлтийн 18145 тохиолдол бүртгэгджээ. Үр хөндөлт өмнөх оноос 2517 тохиолдол буюу 13.8 хувиар өсчээ. Эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 20-иос доош насных 6.6 хувь, 20-34 насных 69.3 хувь, 35-49 насных 23.7 хувийг тус тус эзэлж байна. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 14.4 хувь нь төрөөгүй ба анх удаа үр хөндүүлсэн тоо өмнөх оны мөн үеэс 4480 тохиолдол буюу 24.7 хувиар өсчээ.

Иймээс охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэгийг дээшлүүлэх, жирэмслэхээс хамгаалах эмийн хэрэглээг нэмэгдүүлэн хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах хэрэгтэй хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хэрэглээ бага байгаа нь хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна хэмээн Мари Стопс олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн захирал Д.Энх-Оюун хэллээ.

Энэ өдрийн хүрээнд маргааш Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 11.00 цагаас жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийн талаар иргэдэд зөвлөгөө өгч, сургалт явуулж,  жирэмслэлтээс хамгаалах эм, ерөндөг, бэлгэвчийг үнэ төлбөргүй тараах юм байна. Мөн энэ сарын 25, 26-нд Монгол дахь Мари Стопсын эмнэлэг гэр бүл төлөвлөлтийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ирсэн үйлчлүүлэгчиддээ гарын бэлэг өгөх аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻
注释