Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-22 14:06:35

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон  дагалдаж гарах холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 

Боловсролын салбарын болон сургалтын байгууллагын удирдлага, засаглалын шинэ зарчмыг хэрэгжүүлэх замаар чанарын баталгаажилтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор хуулиудын төсөлд дээд боловсролыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж, удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, хараат бус байхаар зохицуулалт оруулжээ.

Дээд боловсролын сургалтын байгууллагуудыг төрийн өмчийн, ашгийн төлөө бус хувийн, ашгийн төлөө сургуулиуд гэсэн статусаар ангилж, тус бүрийн удирдлага, засаглалын зарчмыг тодорхой болгон томъёолсон байна. Боловсролын тухай хуулиар боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагын эрх хэмжээ, чиг үүргийг өргөжүүлж, сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь тухайн сургалтын байгууллагын түвшинд мөрдөх хөгжлийн бодлого, дүрэм, журам боловсруулах болон төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд оролцох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсвийн зарцуулалтад хяналт тавих, зөвлөл үйл ажиллагаагаа багш, ажилтан, олон нийтэд тайлагнадаг байх зохицуулалт хийжээ. Боловсролын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бий болгож, хуулийн зохицуулалтгүй орхигдсон зарим харилцааг төсөлд тусгасан байна.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, үзэл баримтлалын төслийг батлахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгалаа.

Шинэчилсэн найруулгын төсөлд бүх нийтийн соёл, урлагийн боловсролыг дэмжих, соёл урлагийн үйлчилгээг хангах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зохицуулалтыг тусгана. Эдгээр зохицуулалтыг тусгаж хуулийн төсөл батлагдсанаар Соёлын тухай хуулийн эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, соёлын байгууллага, ажилтан, албан хаагчдын өмнө тулгамдаж байгаа асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байна.  

 

相关新闻
注释