Эсгий туургатны фестиваль болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2015-09-22 11:41:01

“Хубилай сэцэн хаан”-ы мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд энэ сарын 23-нд буюу лхагва гарагт Эсгий туургатны хувцасны фестиваль Соёлын төв өргөөнд болно.

Тус фестивалийг БСШУЯ, Дэлхийн монгол туургатны хувцасны холбоо, Монгол Костюмс төв хамтран зохион байгуулж байгаа юм. Дэлхийн эсгий туургатны үндэсний хувцасны соёл, түүний хөгжил, түгээн дэлгэрүүлэлтийг олон нийтэд таниулах, олон улсын хувцас, соёл судлаачид өөрийн туршлагыг солилцох, цаашид хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх хөрсийг бүрдүүлэх зорилготой юм.

Эсгий туургатны фестивальд Монголоос Урлах эрдэм загварын товчоо уран сэтгэмжийн 20-иод хувцас, Монгол костюмс төвөөс монгол хувцасны түүхэн хөгжлийг харуулсан 40-өөд түүхэн хувцас, ӨМӨЗО, Буриад, Тува, Якут, Кыргизстан, Башкирстан, Туркменистан, ОХУ-ын Эрхүү муж, Санкт Петербургээс эсгий туургатаны орнууд 60 гаруй хувцас оролцоно.

Дашрамд сонирхуулахад, Фестивалийг нээж АНУ-ын нэрт хөгжмийн зохиолч Charles T. Griffes-ийн “Хувилай хааны цэнгэлийн ордон” симфони найраглалыг Монгол Улсад анх удаа эгшиглүүлнэ. Уг бүтээлд Хубилай хааны ордны дотоод байдлыг хөгжмийн хэллэг, өгүүлэмж, зохирол, дуурьсал, хэм хэмнэл, хөг тогтолцоогоор мэргэжлийн түвшинд харуулахаар төлөвлөжээ.

Мөн СУИС-ийн ХУС-ийн профессорын баг, Эгшиглэн манлай хөгжмийн үйлдвэртэй хамтран Монгол хаадын ордны 7, 9, 11 чавхдаст ятгыг сэргээж сургалт, судалгаа, уран бүтээлийн эргэлтэд оруулж Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын “Намираа бороо-Хун-Хайр” хааны ордны ятгын гурвал эгшиглэхээр зэхээд байна.

Д.Өлзий

相关新闻
注释