Ю.Цэдэнбалын гавьяа зүтгэлийг хойч үед таниулан сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 20:40:22

Увс аймгийн Давст сумын уугуул, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Энэ өглөө Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургуулийн ахлах ангийн сурагчид болон ард иргэд, аймгийн удирдлагууд Увс аймгийн төв талбайд цуглаж түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, дуу хуураа эгшиглүүлэн, дурсгалын зураг татууллаа. 
Тэрчлэн аймгийн ЗДТГ-т “Ю.Цэдэнбал өчигдөр, өнөөдөр” уулзалт хэлэлцүүлгийг Цэдэнбал судлалын академи болон “Юмжаагийн Цэдэнбалын Гал Голомт” хөдөлгөөнөөс аймгийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотоос Түүхийн ухааны доктор Ц.Жамбалсүрэн, залуу судлаач Б.Болд-Эрдэнэ нарын хүмүүс хүрэлцэн иржээ.
“Ю.Цэдэнбал даргын намтар түүх, үйл хэргийн талаар бид өнөөдөр нухацтай ярилцахаас гадна залуу хойч үедээ түүний гавьяа зүтгэлийг таниулан сурталчлах нь юу юунаас эрхэм чухал” хэмээн тус хөдөлгөөний тэргүүн Б.Бат-Амгалан онцоллоо.
Энэ орой Ю.Цэдэнбалын талбай дээр түүний нэрэмжит урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулна.

Б.Батхүү

 

相关新闻
注释