Зүрхний дутагдлын эмчилгээний шинэ аргыг нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-09-17 11:30:44

Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн Зүрх судлалын тасаг, ангиографийн хамт олон Монгол Улсад анх удаа зүрхний архаг дутагдлын үеийн орчин үеийн эмчилгээний арга болох Ресинхронизаци (Cardiac Resynchronization Therapy: CRT) эмчилгээний төхөөрөмж суулгах мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэж, тусламж үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

Зүрхний ресинхронизаци эмчилгээ нь зүрхний булчингийн эмгэгийн (кардиомиопати) улмаас үүсэх зүрхний дутагдалтай өвчтөнд ихэвчлэн хийгддэг, эмнэлзүйн олон туршилт судалгаагаар аюул эрсдэл багатай, үр дүн сайтай, өвчтөнд эмнэлзүйн мэдэгдэхүйц сайжралыг өгдөг болох нь нотлогдсон. Мөн эмнэлзүйн практикт тогтмол хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа эмчилгээний нэг арга юм. Тус эмчилгээг олон улсад өмнө нь зөвхөн зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний сонголт үлдсэн хүнд өвчтөнүүдэд хэрэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд харьцангуй хөнгөн хэлбэрийн зүрхний дутагдлын үед ч өргөн хэрэглэх болжээ.

Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тус төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн шийдэл болох дөрвөн туйлт пэйсинг өгөх боломж бүхий CRT-пейсмекер (CRT-P) болон дөрвөн туйлт зүүн ховдлын электродыг ашиглажээ. Энэ нь пейсмекерээр цохиулах боломжтой байршлын тоог эрс нэмэгдүүлж, нийтдээ 10 хүртэл тооны векторыг ашиглах боломж олгодог байна. Ингэснээр зүрхний ресинхронизац эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, дахин мэс ажилбарт орох давтамж болон мэс ажилбарын үед электродыг давтан суулгах шаардлагыг бууруулах зэрэг ач холбогдолтой. Мөн электродын тогтвортой хөдөлгөөнгүй байдлыг алдагдуулалгүйгээр ховдлыг суурь хэсгээс хүчдэл өгч цочроох зэрэг олон давуу талыг өвчтөн болон эмчид олгодог.

Зүрхний ресинхронизаци эмчилгээ нь зүрхний дундаас хүнд зэргийн дутагдалтай, ховдлын үйл ажиллагааны синхрон бус байдал илэрсэн өвчтөнүүдэд эмчилгээний шинэ нэмэлт сонголт болж Монгол Улсад ийнхүү нэвтрүүлж эхэлсэн байна.

Д.Өлзий

相关新闻
注释